Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газраас
Хяналт, үнэлгээний талаар баримтлах бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ, мониторинг хийхэд анхаарах асуудал, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар орон нутаг дахь төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх, хэлэлцүүлэг, болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд тэдгээрийн хяналтын чиг үүрэг бүхий алба хаагчидтай уулзах зорилгоор бүсийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хяналт, үнэлгээний хорооны Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж уулзалтын эхэнд, ХҮҮХ болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын бүтэц, үйл ажиллагааны чиглэл, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд, хяналт, үнэлгээний журмын төслийг шинэчлэх асуудлуудыг тус тус танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын 21 аймгаа бүсчлэн Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Хяналт хэрэгжүүлэх газраас уулзалт, сургалтуудыг зохион байгуулж буй нь цаг үеийн хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд салбарын алба хаагчдад тулгамдаж буй асуудлуудыг сонсож, Засгийн газрын бодлогын түвшинд шийдвэрлүүлэхээр ажиллана гэв. Мөн түүнчлэн Засгийн газар, харьяа байгууллагууд, аймаг, орон нутгийн бодлогын уялдааг хангаж төрийн ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, бүтээмжийг нэмэгдүүлэхийг нэн тэргүүний зорилт болгон ажиллахаа илэрхийлэв.
Булган аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай, тус аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Цогбуян, мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ нар хүлээн авч уулзав. ЗДТГ-ын дарга Д.Алтаншагайгийн зүгээс газар дээр нь хяналт, шалгалт хийх үйл явц өнгөрсөн хугацаанд тасалдаж эхэлсэн нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож байгааг илрүүлэх боломжгүй болгож байгааг дурдаад, салбарын хяналт, шалгалтын алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай буй гэв.
Мөн аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж буйгаар нь үнэлэх аргачлалыг тусгаж өгөх санаачилгуудыг салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм, журамд тусгах шаардлагатай талаар илэрхийлэв.
Үүний зэрэгцээ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас аймгийн төрийн байгууллагын албан хаагчид, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах ажилтнуудын дунд процессын дахин инженерчлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон үнэлгээ мониторинг хийх үе шатыг олон улсын арга, аргачлалын дагуу боловсруулах /DME-Design Monitoring Evaluation/ зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.