Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны чиг үүрэг
Хяналт, үнэлгээний Үндэсний хороо нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5-д заасан асуудлын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
- Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, хяналт тавих ажилд дэмжлэг үзүүлэх;
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д заасан хяналт шалгалтын байгууллагаас хэрэгжүүлэх хяналт шалгалтын үйл ажиллагааны уялдааг хангах, төлөвлөгөөт хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Cалбарын хяналт шалгалтын эрх зүйн орчныг сайжруулах талаар санал боловсруулж, Засгийн газарт танилцуулах;
- Хяналт, үнэлгээний талаар баримтлах бодлого болон холбогдох төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
- Хяналт, үнэлгээг хөгжүүлэх үйл ажиллагаанд олон нийт, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил болон иргэдийн оролцоог хангах;
- Олон улсын үнэлгээний байгууллагуудтай харилцах, тэдгээрээс гаргасан дүгнэлт, зөвлөмжид дүн шинжилгээ хийх, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах.
Үндэсний хорооны дарга, гишүүний бүрэн эрх
Үндэсний хорооны даргын бүрэн эрх:
- Үндэсний хорооны ажлыг удирдлагаар хангаж, Үндэсний хорооны шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
- Үндэсний хорооны ээлжит болон ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;
- Үндэсний хорооны Ажлын албаны даргыг томилж, чөлөөлөх;
- Үндэсний хороог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
- Үндэсний хорооны үйл ажиллагааны тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулах.
- Үндэсний хорооны гишүүний бүрэн эрх:
- Үндэсний хорооны хуралдаанд асуудал оруулж, хэлэлцүүлэх;
- Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хариуцсан салбар, чиглэлийн дагуу хяналт тавих;
- Хариуцсан салбар, чиглэлийн дагуу холбогдох мэдээ, тайлан, статистик, тоо баримтыг Үндэсний хороонд гаргаж өгөх;
- Үндэсний хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай танилцах, Үндэсний хорооноос хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах.
Үндэсний хорооны Ажлын алба
Ажлын алба нь Үндэсний хорооны өдөр тутмын ажлыг хариуцан гүйцэтгэх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
- Үндэсний хорооны жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах;
- Үндэсний хорооны шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж ажиллах;
- Үндэсний хорооны үйл ажиллагаанд шаардагдах тайлан, мэдээ, статистик, тоо баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах, бэлтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх;
- Үндэсний хорооны хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Үндэсний хорооны шийдвэрийг албажуулж гаргах;
- Үндэсний хорооны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах арга хэмжээг зохион байгуулах.
- Үндэсний хороо нь Ажлын албаны даргатай байх бөгөөд Ажлын албаны дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
- Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг боловсруулж, Үндэсний хорооны даргаар батлуулах;
- Үндэсний хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлөх.