ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
2024-11-29

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах асуудлыг эрхэлнэ гэж заасан.

Тэгвэл өнөөдөр буюу 2024.11.29-ний өдөр Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны анхдугаар хуралдаан Төрийн ордонд болж 5 үндсэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хуралд Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, болон тус хорооны гишүүд болох Төрийн захиргааны төв байгууллагын удирдлагууд оролцлоо.

Хуралдааныг нээж Монгол Улсын сайд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр үг хэлэв. Тэрбээр, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газар Хяналт, үнэлгээний Үндэсний хороог албан ёсоор байгуулсныг тэмдэглээд, бид цомхон төрийг бий болгож, иргэддээ чанар, хүртээмжтэй, шуурхай төрийн үйлчилгээг хүргэх, бизнесийн эрх чөлөөг боомилохгүй байх агуулгаар хяналт, шалгалтын зөв зохистой шийдлийг бий болгохоор ажиллаж байна гэв.

Мөн Хяналт, үнэлгээний Үнэдсэний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан болон салбарын хэмжээнд тулгамдсан зарим асуудлын талаар хорооны гишүүдэд мэдээлэл өгч, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ:

1. Үндэсний хорооны хуралдааны дэгийг батлах;
2. Салбарын хяналт шалгалтын 2025 оны нэгдсэн төлөвлөгөөний төсөл;
3. Үндэсний хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө;
4. Хяналт, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд, богино хугацааны бусад бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг уялдуулан үнэлэх чиглэлээр олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг нэвтрүүлэх ажлын явцын талаар;
5. Бусад асуудал.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.1 дэх хэсэгт “Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага эрсдэлийн үнэлгээг харгалзан дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг Хяналт, үнэлгээний Үндэсний хороонд ирүүлнэ” гэж, 51.2 дахь хэсэгт “Хяналт, үнэлгээний үндэсний хороо энэ хуулийн 51.1-д заасан төлөвлөгөөг өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор батална” гэж заасантай холбогдуулан тус хорооны анхдугаар хуралдаанаар “Салбарын хяналт шалгалтын 2025 оны нэгдсэн төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа.

Хяналт, үнэлгээний Үндэсний хороо өнгөрсөн хугацаанд салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, захиргааны хяналт, удирдлагын хүрээн дэх хяналт шалгалтыг зохион байгуулах, тулгамдсан асуудлын талаар санал солилцох зорилгоор төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын болон хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг газар, нэгжийн удирдах албан тушаалтнуудтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахын зэрэгцээ аймаг, орон нутаг дахь салбарын хяналтын улсын байцаагч нартай уулзаж, журмын төслүүдэд санал авах зэрэг ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна.

ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРОО