Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Хяналт, үнэлгээний Үндэсний хороог байгуулсан.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах асуудлыг эрхэлнэ гэж заасан.
Үүнтэй холбогдуулан тус хорооны Ажлын албанаас салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, захиргааны хяналт, удирдлагын хүрээн дэх хяналт шалгалтыг зохион байгуулах, тулгамдсан асуудлын талаар санал солилцох зорилгоор төрийн захиргааны төв байгууллагын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг газар, хэлтсийн удирдах албан тушаалтнуудтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнөөдөр Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Отгонбаяр, Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Золбаатар нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын гол зорилго салбарын хяналт шалгалттай холбоотойгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлантай танилцаж, салбарын хүрээнд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцоход оршино.