ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ГАЗАР, ХЭЛТСИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-09-20

Хяналт, үнэлгээний Үндэсний хороо болон Ажлын албанаас салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, захиргааны хяналт, удирдлагын хүрээн дэх хяналт шалгалтыг зохион байгуулах, тулгамдсан асуудлын талаар санал солилцох зорилгоор төрийн захиргааны төв байгууллага болох 16 яамны хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг газар, хэлтсийн удирдах албан тушаалтнуудтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнөөдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Ган-Очир, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч А.Гэрэлт-Од, Барилгын хөгжлийн төвийн Дотоод аудит, хяналт-шинжилгээний хэлтсийн дарга Я.Мөнх-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар салбарын хяналт шалгалттай холбоотойгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлантай танилцаж, салбарын хүрээнд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.