ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ГАЗАР, ХЭЛТСИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-09-20

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Хяналт, үнэлгээний Үндэсний хороог байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах асуудлыг эрхэлнэ гэж заасан.

Үүнтэй холбогдуулан тус хорооны Ажлын албанаас салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, захиргааны хяналт, удирдлагын хүрээн дэх хяналт шалгалтыг зохион байгуулах, тулгамдсан асуудлын талаар санал солилцох зорилгоор төрийн захиргааны төв байгууллагын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг газар, хэлтсийн удирдах албан тушаалтнуудтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гантогтох, Дотоод аудит хариуцсан ахлах шинжээч Б.Алтанцэцэг, Мал аж ахуйн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Уянга нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар салбарын хяналт шалгалттай холбоотойгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлантай танилцаж, салбарын хүрээнд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.