Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнөөдөр Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” төслийн багийн менежер Б.Нинжин, төслийн ахлах зөвлөх С.Сүхдэлгэр, төслийн зөвлөх Д.Намхайдагва, Г.Цэрэнжаргал нарыг хүлээн авч уулзлаа.
Төслийн хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай хамтран “Өглөөний уулзалт”-ыг төрийн захиргааны төв байгууллагын болон харьяа агентлагийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгжийн албан хаагчдад 14 хоног тутам дараах сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулаад байна. Үүнд:
1. “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн арга зүйн шинэчлэл”
2. “Мониторингийн арга зүй”
3. “Бодлогын өртөг тооцох”
4. “Хяналтын болон хариуцлагын хүрээний талаарх ойлголт ба мониторинг, үнэлгээний мөрөөр хариуцлага тооцох асуудал, шийдэл”
5. “Уламжлалт ба үр дүнд суурилсан төлөвлөлтийн арга зүйн хүрээнд ялгаатай боловсруулагдсан баримт бичигт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх асуудал, шийдэл”
6. “Хөтөлбөр, үр дүнгийн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээний ач холбогдол, уялдаа”
Төрийн албан хаагчдын чадавхыг тасралтгүй бэхжүүлж, харилцан туршлага солилцох боломжоор хангах, тулгамдсан асуудлаар санал солилцох, үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх арга зүйд суралцах, бодлогын зорилт, байгууллагын үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хянах, шинэ арга аргачлалуудыг холбогдох салбар, үйл ажиллагаанд тусган ажиллах талаар мэдээлэл авч, цаашид тогтвортой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.
ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРОО