Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хяналт, үнэлгээний талаар баримтлах бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ, мониторинг хийхэд анхаарах асуудал, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар орон нутаг дахь төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх, хэлэлцүүлэг зохион байгуулах зорилгоор бүсийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Ажлын албаны Ахлах шинжээч Д.Мөнхдэлгэр тэргүүтэй баг ХҮҮХ болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын үйл ажиллагаа, бүтэц, өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажил, цаашид хэрэгжих ажлын төлөвлөгөө, Хяналт-шинжилгээ-үнэлгээний журмын төслийг шинэчлэх асуудлуудыг тус тус танилцуулав.
Түүнчлэн хяналт, үнэлгээний чиглэлээр ажилладаг алба хаагчдад тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал солилцож, цаашид Засгийн газрын бодлогын түвшинд шийдвэрлүүлж ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад, Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэсүрэн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд болон бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалт, дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн албан хаагчид оролцов.
Үүний зэрэгцээ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас аймгийн төрийн байгууллагын албан хаагчид, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах ажилтнуудын дунд процессын дахин инженерчлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон үнэлгээ мониторинг хийх үе шатыг олон улсын арга, аргачлалын дагуу боловсруулах /DME-Design Monitoring Evaluation/ зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
#Хяналт_Үнэлгээний_үндэсний_хороо
#Засгийн_газрын_Хяналт_хэрэгжүүлэх_газар