Хяналт, үнэлгээний Үндэсний хороо дэргэдээ ажлын албатай 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна
2024-11-04

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж:

Манай үндсэн чиг үүрэг Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллагууд болох яамд, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн ажлын албадууд, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт шалгалт хийж байгаа байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах үүрэгтэй.

Төрийн бүтээмжийн асуудлуудыг нэмэгдүүлэх нь маш чухлаар хөндөгдөж байна. Хяналт, үнэлгээний Үндэсний хороо байгуулагдаад 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа хэдий ч бид сууриасаа эхлүүлээд ажиллаж, өнгөрсөн хугацаанд салбарын хяналтын байгууллагууд, Хяналт шинжилгээ дотоод аудитын газруудтай уулзаж, тоон болон чанарын судалгааны үр дүнгээр энэ салбарт хэчнээн хүн ажиллаж байгаа, эдгээр хүмүүсийн мэргэжлийн ур чадварын асуудал гэх мэтчилэн олон зүйл дээр ажиллаж байна.

Өнөөдрөөс эхлээд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран Хяналт, үнэлгээ Үндэсний хорооны ажлын алба Монгол улсын 21 аймагт ажиллахаар явж байна. Бид төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлуудыг хуулийн дагуу нэгтгэн ажиллаж байна. Мөн хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, гадаадын зээл тусламжуудын гүйцэтгэл, өргөдөл, гомдлын тайлан зэрэгт хяналт, шинжилгээ үнэлгээний чиг үүрэгтэйгээр ажилладаг.

Улирал тутамд Хяналт, үнэлгээний үндэсний хороо хуралдаж салбарын хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлуудын гацааг гаргаж шийдвэрлэхээр ажилладаг бөгөөд цаашид хэвлэл мэдээллийн байгууллагуудад үйл ажиллагааныхаа хэрэгжилтийн талаар тогтмол мэдээлэл өгч ажиллана.

Хяналт, үнэлгээний Үндэсний хороо