Хяналт, үнэлгээний үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж Сэлэнгэ аймагт ажиллалаа
2024-11-05

Хяналт, үнэлгээний үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж Сэлэнгэ аймагт ажиллалаа

Хяналт, үнэлгээний үндэсний хороо, Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хяналт, үнэлгээний талаар баримтлах бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ, мониторинг хийхэд анхаарах асуудал, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар орон нутаг дахь төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх, хэлэлцүүлэг, болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд тэдгээрийн хяналтын чиг үүрэг бүхий алба хаагчидтай уулзах зорилгоор бүсийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Хяналт, үнэлгээний үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж уулзалтын эхэнд, ХҮҮХ болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын бүтэц, үйл ажиллагааны чиглэл, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд, хяналт, үнэлгээний журмын төслийг шинэчлэх асуудлуудыг тус тус танилцуулав.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Л.Төгөлдөр нар Сэлэнгэ аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт хэрхэн хэрэгжиж байгаа, цаашид салбарын хяналтыг бодлогын түвшинд анхаарч авч үзэх талаар санаачилгуудыг танилцуулав. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд чанар, хүртээмжтэй хүргэхийн тулд төрийн алба хаагчид, салбарын хяналтын алба хаагчдын ажиллах орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь нэн чухал шаардлагатайг онцлон тэмдэглэв. Мөн түүнчлэн төрийн байгууллагуудад хяналт, шалгалт хийгдэх үнэлгээний арга, аргачлалыг шинэчлэх цаг үетэйгээ нийцүүлэх шаардлага тулгамдаж буй талаар уулзалтын үеэр илэрхийлэв.

Үүний зэрэгцээ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас аймгийн төрийн байгууллагын албан хаагчид, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах ажилтнуудын дунд процессын дахин инженерчлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон үнэлгээ мониторинг хийх үе шатыг олон улсын арга, аргачлалын дагуу боловсруулах /DME-Design Monitoring Evaluation/ зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Хяналт үнэлгээний үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын нийт алба хаагчдын нэрийн өмнөөс та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе!