СҮХБААТАР АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН НЭГДСЭН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 200 ГАРУЙ АЛБАН ХААГЧИД ОРОЛЦЛОО.
2024-11-08

Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хяналт, үнэлгээний талаар баримтлах бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ, мониторинг хийхэд анхаарах асуудал, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар орон нутаг дахь төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх, сургалт, хэлэлцүүлгийг Сүхбаатар аймгийн ЗДТГ-тай хамтран 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Дэмжих үйл ажиллагааны хэлтсийн Зөвлөх Д.Нямдаваа болон ХҮҮХ-ны Ажлын албаны албан хаагчид мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хянан шалгагч, Ахлах референт П.Эрдэнэбилэг, Аймгийн Засаг дарга М.Идэрбат нар оролцлоо.
✅ Сургалт, хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийн төрийн байгууллагын 128 удирдлага, албан хаагчид танхимаар, 13 сумын 73 албан хаагч цахимаар оролцлоо.
✅ Сургалтын зорилго нь Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төрийн албаны шинэчлэл бодлогын хүрээнд чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц системийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох зорилтын хүрээнд шинээр болон шинэчлэн боловсруулсан журмын төслүүдийг танилцуулах, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөд оршиж байна. Сургалт Процессын дахин инженерчлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон үнэлгээ, мониторингийн олон улсын туршлага, чиг хандлага, сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Мөн Үнэлгээ мониторингийн эрх зүйн орчин, тогтолцоо, шинэчлэлийн бодлогын талаар “Мониторинг хийх нийтлэг журам”, “Үнэлгээ хийх нийтлэг журам”, “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг дүгнэх журам” зэрэг гурван журмын төслийн танилцуулгыг хийж санал авч хэлэлцүүлэг зохион байгууллаа.