ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН БАЙЦААГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТАД ОРОЛЦЛОО
2024-12-15

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулсан аймаг, нийслэл, сумын улсын (ахлах) байцаагч нар болон Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын байцаагч нарыг хамруулсан цахим сургалтад оролцлоо.

Аймаг, нийслэл, орон нутгийн 200 гаруй албан хаагчид оролцсон тус цахим сургалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа оролцож, үг хэлсэн бөгөөд сургалтын гол зорилго улсын байцаагч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөх, зохион байгуулахад анхаарах, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон салбарын холбогдох бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, цахим систем, хяналтын хуудсыг үйл ажиллагаанд жигд нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх талаарх мэдлэг, ойлголт өгөх, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд чиглэгдэж буйг онцоллоо.

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярын мэндчилгээг дэвшүүлж, Үндэсний хорооны үйл ажиллагаа, анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгөв.

#хяналт_үнэлгээний_үндэсний_хороо