Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж 21 аймгийн газар, геодези, зураг зүйн хяналтын улсын (ахлах) байцаагч нарыг чадавхжуулах, тэдгээрийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хяналт шалгалтын ажлын гүйцэтгэл, үр нөлөөг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан анхаарах зарим асуудлын талаарх цахим сургалтад оролцлоо.
Тус байгууллага нь “Иргэдийн итгэлийг хүлээсэн – Төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд мэргэшсэн хамт олныг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагааны стратегийн зорилтын хүрээнд эрсдэлд суурилсан газрын харилцааны салбарын хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, дүгнэлт өгч, нэгдсэн удирдлагаар хангах, газрын харилцаа, геодези, зураг зүйн хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтын мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, тайлагнах, хяналтын чиглэл бүрээр эрсдэлийн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудсыг боловсруулан батлуулах, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн газар ашиглалтын байдалд болон газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллага болон геодези, зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, салбарын хяналт шалгалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, Үндэсний хорооны 2024 оны 02 дугаар тогтоолоор баталсан 2025 оны нэгдсэн төлөвлөгөө, хяналт шалгалтын давхардал, хууль, эрх зүйн орчин, цаашид хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж ажиллах чиглэлээр болон хяналт, удирдлагын цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.