МОНГОЛ УЛСЫН САЙД, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Э.ОДБАЯР: “ТӨРИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2025-03-19

Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Төрийн бүтээмжийн үндэсний хорооны нэр, чиг үүрэгт өөрчлөлт оруулан “Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл” болгон өөрчилж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталсан.

Энэхүү зөвлөлийн гишүүдийн 70 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байгаа бөгөөд Засгийн газрын 3 хороо, зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг хавсран гүйцэтгэж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор салбар дундын уялдааг хангаж, чиг үүргийн яамдыг мэргэжил, арга зүйгээр дэмжих үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Төрийн хэмнэлтийг салбар бүрд дээр зохион байгуулж төрийн хэмнэлт, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Мөн хийж хэрэгжүүлж байгаа ажлаа долоо хоног бүр Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж холбогдох шийдвэрүүдийг гаргах юм.