Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж өндөрлөлөө
2025-04-30

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, УИХ-аар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлуулан 2001 оноос яригдсан бүсчилсэн хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгож эхэлсэн. Төрийн бодлого тогтвортой үргэлжлэх зарчмыг үндэслэн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, бүсийн зөвлөлүүд анхдугаар хуралдаанаа хийж байгаагийн хоёр дахь нь Хойд бүс юм.

Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймаг багтдаг. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хойд бүсийг ОХУ болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгажээ. Ерөнхий сайд “Бүс нутгийн хөгжлийг уялдаа холбоотой, зөв төлөвлөсөн бодлогоор дэмжсэнээр Монгол Улс эдийн засгийнхаа бат бөх суурийг тавих боломж бүрдэнэ. Хойд бүсийн хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо.

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт, шалгалтын газрын дарга Б.Ундраа, Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үррийнтуяа тэргүүтэй удирдлагууд оролцлоо.