НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2025-05-09
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж, Ажлын албаны Үндсэн үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганхөлөг, ахлах шинжээч Х.Наранцацрал нар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч нартай уулзаж, хяналт шалгалтын давхардал болон хяналт шалгалт хийхэд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга М.Мөнхгэрэл тус хэлтсийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 25,000 орчим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад хүний нөөц, тээврийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж дутмаг, эрүүл ахуйн тандалт, үнэлгээ, хяналт хийх, дүгнэлт гаргахад итгэмжлэгдсэн лабораторийн хүрэлцээ хангалтгүй, улсын байцаагч нарын ажлын ачаалал батлагдсан нормативаас 4-8 дахин их, мөн шилэн хяналтын цахим системийг сайжруулж, ашиглахад илүү хялбар, энгийн болгох, хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.