Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Ажлын алба Орхон аймагт ажиллалаа
2024-11-07

Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хяналт, үнэлгээний талаар баримтлах бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ, мониторинг хийхэд анхаарах асуудал, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар орон нутаг дахь төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх, хэлэлцүүлэг, болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд тэдгээрийн хяналтын чиг үүрэг бүхий алба хаагчидтай уулзах зорилгоор бүсийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж уулзалтын эхэнд, ХҮҮХ болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын бүтэц, үйл ажиллагааны чиглэл, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд, хяналт, үнэлгээний журмын төслийг шинэчлэх асуудлуудыг тус тус танилцуулав.

Мөн ээлжит жилийн төлөвлөгөөний цагалбар бүхий хуваарийг танилцуулж, хяналт, дотоод аудит, салбарын хяналтаар ажиллаж байгаа алба хаагчдаа чадвахжуулах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Орхон аймгийн Засаг даргын зүгээс төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах нь чухал байгааг онцлов. Төрийн бүтээмжтэй байдлыг бий болгоход салбарын хяналт, тэдгээрийн зөвлөмжүүд нэн чухал шаардлагатай байгаа бөгөөд энэ чиглэлд Засаг даргын Тамгын газраас өөрийн эрх хэмжээний хүрээнд нээлттэй ажиллахаа илэрхийлэв.

Үүний зэрэгцээ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас аймгийн төрийн байгууллагын албан хаагчид, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах ажилтнуудын дунд процессын дахин инженерчлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон үнэлгээ мониторинг хийх үе шатыг олон улсын арга, аргачлалын дагуу боловсруулах /DME-Design Monitoring Evaluation/ зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.